Дундын оффис нь уламжлалт оффисын ойлголтыг эвдэж бие биедээ үл хамааран үйл ажиллагаа явуулж буй компаниуд нэг оффисыг хувааж ашиглахыг хэлнэ. Уламжлалт оффист нэг компанийн бие даасан үүрэгтэй олон тооны ажиллагсад ажил хийдэг бол дундын оффист гэрээсээ ажилладаг мэргэжилтнүүд, гарааны бизнес эрхлэгчид, энтрепренёрүүд өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг эрхэлдэг байна. Ихэнх дундын оффисууд орчин үеийн дизайны шийдэлтэй бөгөөд тухайн хүний ажиллах орчинд зориулсан хэд хэдэн орчинг бүрдүүлж өгсөн байдаг.

Стартап Терминал нь 2017 оны 8 сарын 1 өдрөөс хойш үйл ажиллагаагаа эхлүүлж өдгөө 16 гишүүн гарааны бизнес буюу 38 хүнтэй дундын оффисын ам бүлтэй болж нийтдээ 51 гаруй арга хэмжээг зохион байгуулжээ. Манай дундын оффисын гол зорилго нь Монгол улсын гарааны бизнесийн экосистемийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж, гарааны бизнесүүдийн дотоодын эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг нэмэгдүүлж, олон тооны амжилттай гарааны компаниудыг бий болгоход шаардлагатай хөнгөлөлттэй оффис, хурдасгуур хөтөлбөр, менторшипын үйлчилгээг үзүүлэх юм.

Монгол улсад дундын оффис нь харьцангуй шинэ ойлголт бөгөөд олон нийт болон Монгол залуучуудын дунд соёл нь хараахан тархаж амжаагүй боловч Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 6 орчим дундын оффис үйл ажиллагаа явуулж байгаа нь тус соёлыг бий болгоход чухал ач холбогдол үзүүлж байна.

Өнөөдрийн энэхүү нийтлэлээр дамжуулан бид та бүхэнд дундын оффист байрших давуу талуудыг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө хүргүүлнэ.

КОМПАНИ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Дундын оффисуудад олон тооны өөр өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг компани болон хувь хүмүүс байршдаг нь танд давуу талыг бий болгоно. Магадгүй танд хүний нөөц, маркетинг, нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөө шаардлагатай бол та тус салбарт ажиллаж буй дундын оффисын гишүүнд хандах боломжтой юм.

БОРЛУУЛАЛТЫН СУВАГ

Дундын оффист байршиж буй бусад гишүүдтэйгээ та нээлттэй байж өөрийн хийж буй бизнесийн талаар, өөрийн мэргэжлий чадварын талаар хуваалцах нь магаддагүй танд шинэ борлуулалтын сувгийг нээх юм. Хэдийгээр таны байршиж буй дундын оффисын бусад гишүүдэд таны үйлчилгээ өнөөдөр шаардлагагүй байж болох ч тэдний хамтарч ажиллаж буй байгууллага эсвэл найз нөхдөд таны үйлчилгээ шаардалагатай байвал таныг холбож өгөх боломжтой. Гэхдээ мэдээж та шууд борлуулалт хийх зорилгоор бусад гишүүдтэйгээ харьцах бус найрсаг харьцах нь илүү үр дүнтэй юм.

МАРКЕТИНГИЙН ПЛАТФОРМ

Дундын оффист өдөр тутам оффислох зорилгоор, арга хэмжээнд зоролцохоор, уулзалт хийхээр олон тооны хүн орж гарц байдаг нь танд давуу тал байж болох юм. Та өөрийн компанийн танилцуулга, стенд зэргийг дундын оффист байрлуулах нь таны стартапын бодит маркетингийн платформ

Мөн түүнчлэн таны компанийн талаарх мэдээллийг тухайн дундын оффисын өөрийн сошиал медиа платформоор дамжуулан түгээх боломжтой эсэхийг лавлаарай.

Жишээлбэл, манай Стартап Терминал байршиж буй гишүүдийнхээ танилцуулга, стенд зэргийг ресепшиныхээ дэргэд байршуулдаг бөгөөд манай дундын оффис нь 3 сарын хугацаанд 52 арга хэмжээг зохион байгуулж 1800 гаруй хүн оролцсон нь таны компанийн маркетингийн нэг хэсэг болж өгч байгаа юм

ЭВЕНТ, АРГА ХЭМЖЭЭ

Та өөрийн компанийг сурталчлах арга хэмжээг, шинээ бүтээгдэхүүний нээлтийн арга хэмжээг өөрийн байршиж буй дундын оффист зохион байгуулах боломжтой юм. Ихэнх дундын оффисууд арга хэмжээ зохион байгуулах заалтай байдаг бөгөөд гишүүддээ тодорхой хэмжээний хөнгөлөлттэй байдаг

Олон улсад компаниуд бүтээгдэхүүний нээлтийн арга хэмжээ буюу production launch хийх нь зорилтод бүлэгтээ өөрийн бүтээгдэхүүнийг амжилттай танилцуулж зах зээлд хүлээлтийг бий болох нь борлуулалт хийхэд чухал ач холбогдолтой байдаг.

Тиймээс та өөрийн байршиж буй дундын оффистоо тус арга хэмжээг зохион байгуулах нь танд давуу талыг бий болгоно.

ДУНДЫН ОФФИСЫН ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГА

Стартап терминал нь 10 гаруй байгууллагатай хамтарч ажиллаж өөрийн гишүүддээ хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж өгсөн. Үүнд та бүхний сайн мэдэх олон улсын сүлжээ фитнесс Gold’s Gym, Монголын хамгийн том хэвлэлийн компани Сэлэнгэ пресс, веб болон аппликейшн хөгжүүлэгч Форвард солюшн, дижитал маркетинг зөвлөх компани BZP Consulting орно.

Хураангуйлахад дундын оффист байрших нь танд тухтай ажлын орчинг бүрдүүлэхээс гадна таны бизнесээ өргөжүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн нэтворкыг тэлэх хамтын ажиллагааг бий болгох платформ юм.

Үндэсний Стартап Фанд ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, Стартап Терминалын Гүйцэтгэх захирал Д.Дүгэрдорж