Таньд шинэ долоо хоногийн мэнд хүргэе.

Юуны өмнө манай байгууллагыг сонирхож “Startup Terminal” төвийн вэб хуудсаар зочилж байгаа таньд баярлалаа.

Хэрвээ та гарааны бизнес эрхэлдэг бол аль эсвэл өөрийн бизнесийн гараагаа эхлэхээр зэхэж байгаа бол манай хамт олон таньд туслахад бэлэн байна.

Манай төв нь гарааны бизнесүүдийг хямд өртөгтэй оффисоор хангах үндсэн зорилготой. Үүнээс гадна таны бизнесийг хөгжүүлэхэд хэрэгтэй олон үйлчилгээг бид бий болгоод байна.

Таны ая тух, бизнесийн амжилтаар бидний ажлын үр дүн хэмжигдэх тул таньд эелдэг, түргэн шуурхай үйлчилэхдээ бид баяртай байх болно. Тиймээс аливаа асуулт, санал, хүсэлт таньд байх аваас бидэнд хандахдаа огтхон ч бүү эргэлзээрэй.

Терминал гэдэг үгийг орчуулбал нисэх онгоцны буудлын нислэгийн өмнөх хүлээлгийн танхим гэсэн утгыг илэрхийлдэг гэдгийг та мэдэх байх. Тиймээс ч энэ үг нь бидний хувьд их өргөн утга агуулга, билэгдэлтэй юм.

“Дэлхий бол хүн төрөлхтний өлгий юм. Хэзээ нэгэн цагт хүн өлгийгөө орхих цаг ирэх нь дамжиггүй” гэж сансар судлал, рокет/пуужингийн шинжлэх ухааны үндсийг тавьсан цал буурал Константин Эдуардович Циолковский хэлсэн байдаг.

Манай “Startup Terminal” ХХК-ын дундын оффисоос /co-working space/ таны стартап, бизнес тань ч гэсэн өсч бойжиж, өргөжин тэлсээр хэзээ нэгэн цагт маш амжилттайгаар дүүлэн ниснэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Тэр хүртэл таны бизнесийг бид дэмжиж, таньд зөвлөж, таньд үйлчилэх нь бидний хувьд нэр төрийн хэрэг байх болно.

Хэрвээ таньд шинэлэг бизнесийн санаа, түүнийгээ хэрэгжүүлэх судалгаа бүхий нарийн төлөвлөгөө, мөн бидэнтэй хамтрах санал бас хүсэл байвал бид таны бизнест хөрөнгө оруулахад ч бэлэн шүү гэдгийг үүгээр давхар мэдэгдэж байгаадаа баяртай байна. Гэхдээ мэдээж таньд бас бидэнд ашигтай, цаашлаад нийгэм, олон түмэн, эх оронд хэрэгтэй төсөл байх шаардлагатай гэдгийг эрхбиш та ойлгож байгаа байх гэдэгт итгэж байна.

Дундын оффис гэдэг концепци нь нэгдүгээрт, гарааны бизнесүүдийг хямд өртөгтэй оффисоор хангах үндсэн зорилготойгоос гадна дундын оффис дээр байрлаж байгаа хүмүүс болон бизнесүүдийн “community” гэсэн хоёр дахь эхнийхээсээ ч илүү чухал утга агуулгыг тээж байдаг.

Эхний шалгуурыг бид гэгээтэй, тав тухтай, саруулхан орчин; орчин үеийн тавилга, техник тоног төхөөрөмж, эелдэг найрсаг үйлчилгээгээр хангахыг хичээн эрмэлзэж ажиллаж байна. Мэдээж бид үйлчилгээ, үйл ажиллагаагаа сайжруулахад харилцагч таны санал, гомдол, зөвлөмж хамгийн үнэтэй. Тиймээс та бүхэн эргэлзэлгүйгээр бидэнд өөрийн санал, шүүмжээ илэрхийлж байхыг таниас бид хүсэж байна.

Харин хоёр дахь шалгуурыг хангахад дундын оффис дээрхи халуун дулаан, найрсаг, нөхөрсөг уур амьсгал хамгаас чухал билээ. Нийтийн жишгээр явахаас татгалзаж, ажил горилогчоос ажил олгогч болохоор зорьж байгаа, шинийг сэдэж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохоор зорьж байгаа энтрепренер хүн бүр дор бүрнээ зориг гаргахын сацуу эрсдэл үүрч байдаг билээ.

Тогтвортой ажлын байр, хамт олон, тогтмол цалингаас татгалзаж, ажилчингаас өөрөө өөртөө дарга байх замыг сонгож, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээхээр зорьж байгаа энтрепренер хүн бүхэнд тулгардаг нэг асуудал бол хамт олонгүй болох, нийгмээс таслагдах аюул байдаг. Тэгвэл түүнийг шийдэх нэг сонголт нь дундын оффист байрлаж ажил хөдөлмөрөө эрхлэх юм.

Манай Стартап Терминалын дундын оффисыг сонгож байрласнаар та манай төв дээрхи олон талын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нас насны хүмүүсээс бүрдсэн, эрч хүчтэй, эерэг, тэмүүлэлтэй, ажил хэрэгч стартапуудын “community”, хамт олны дунд орж мэдлэг мэдээллээ тэлж, харилцаа холбоогоо өргөжүүлэх боломжтой юм.

Магадгүй та ирээдүйн бизнесийн хамтрагч, аль эсвэл насан туршийн анд нөхөр, магадгүй амьдралын ханиа манай терминалаас олж болох юм.

2018.04.01