Миний бие 2016 оноос хойш Гарааны бизнесийн өсөж бойжих экосистемийн гол хэсгийг бий болгохоор ажиллаж эхэлсэн юм. Үндсэн үйл ажиллагааны чиглэл маань гарааны бизнес, инновацийн Хөрөнгө оруулалт (Венчур компани).

Монгол улс урт болон дунд хугацааны бодлого чиглэл, ЗГ-ын мөрийн хөтөлбөртөө энтрепренерүүдийг дэмжих, гарааны бизнесийн орчныг сайжруулахаар тусгаад, ажиллаж эхлээд байгаа. Энэ талаарх мэдээллийг товчилж цувралаар хүргэхээр боллоо.

Эхний мэдээллийг ЗГ-ын мөрийн хөтөлбөрт гарааны бизнес, инноваци, хөрөнгө оруулалттай холбоотой заалтууд хэрхэн тусгагдсаныг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

1.2.Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

1.11.Шинэ төрлийн татвар бий болгохгүй ба үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд тодорхой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1.5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулна.

1.14.Үндэсний хөрөнгө оруулагчдыг бүхий л талаар дэмжиж, эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

2.6.Иргэндээ ээлтэй, эдийн засагтаа үр өгөөжтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ.

2.11.Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана.

2.13.Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ.

2.50.Хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлнэ.

2.54.Хөнгөн үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэх зорилгоор зөвлөгөө, мэдээлэл, сургалт явуулах мэдээллийн болон инкубатор төвийг тухайн салбарын мэргэжлийн холбоодыг түшиглэн байгуулахыг дэмжинэ.

3.2.19.Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд төрөөс зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

3.2.30.Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж, инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.

3.2.31.Шинжлэх ухааны салбар, эрдэмтэд, хүрээлэнгүүдтэй хамтран шинэ технологи нэвтрүүлсэн хувийн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах механизм бий болгоно.

3.2.33.Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга, байгууламж, лабораторын орчин нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгохыг дэмжинэ.

3.2.34.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд үндэслэн хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан Хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулж, инновацийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх тааламжтай бүтцийг бүрдүүлнэ.

3.2.35.Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого баримтална.

3.2.36.Салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн болон зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.

3.2.39.“Монгол контент” бүтээгчдийг дэмжих бодлого баримтална.

3.3.1.Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогыг бүх салбарт баримтална.

3.3.6.Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-аас дээш хувиар бууруулна.

3.3.7.Өндөр технологийн 2000 энтрепренёр мэргэжилтнийг бэлтгэнэ.

3.4.10.Залуучуудад бизнесийн гарааны дэмжлэг үзүүлж, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийг тоног төхөөрөмжийн лизинг, жижиг зээлд хамруулах арга хэмжээ авна.

ДҮГНЭЛТ: Мөрийн хөтөлбөрт инноваци, гарааны бизнес, энтрепренёрыг бүхий л талаар дэмжих бодлого баримтлаж байна. Тухайлбал 2000 энтрепренёр мэргэжилтнийг бэлтгэнэ, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан хувийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж хөрөнгө оруулалт, санхүүжилтын тааламжтай нөхцөлийг бүрдүүлнэ гэжээ.